Коносуки Мацушита, “PANASONIC” компанийн үүсгэн байгуулагчийн үзэл баримтлал: Байгалийн хуулийг дага!
- Үзсэн: 1226
Японы хамгийн алдартай брэндүүдийн нэг Panasonic –ийг хүн бүр мэднэ. Харин энэ гайхалтай брэндийг бий болгосон компанийг хэн гэдэг эрхэм үүсгэн байгуулж, удирдаж байв аа?
Ноён Коносуки Мацушита, мөнгөө алдсан газрын эзний хүү байсан бөгөөд аав нь түүнийг 16 хүрээ ч үгүй байхад нь Осака явж ажил хий гэж ятгасаар явуулж байжээ.
Аавынхаа зөвлөснөөр Осакад ирж нэгэн цахилгаан барааны компанид цахилгаанчнаар ажилд орсноор түүний ажлын гараа эхэлсэн байдаг. Тэнд ажиллаж байхдаа “Олон залгуур” зохион бүтээснээр түүний амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно.
Түүний дараа хүргэн ахтайгаа хамтран нэгэн компани байгуулсан нь өдгөө хүн бүрийн мэддэг Panasonic брэндийг бүтээсэн компани ажээ.
Энэ Эрхэмийн байгууллага дотороо бий болгосон соёл нь бүтээгдэхүүндээ шингэж өнөөг хүртэл амжилттай явж чадсан нууц бол: “Ажлаас амжилт олж аз жаргалтай амьдралыг бүтээ” гэсэн зарчим байжээ.
Маш олон хүнд урам зориг, эерэг сэдэл өгдөг үзэл баримтлалаас нь гуравханыг хуваалцья!
1. Та хамгийн дуртай зүйлээ хамгийн сайн хийж чадна
Хүн хамгийн дуртай зүйлээ хийж байхдаа шинээр сэтгэж, зөв шийдвэр гарган тууштайгаар зорьсондоо тэмүүлдэг ажээ. Хамгийн чухал нь үргэлж чин сэтгэлээсээ, цаг гарган ажилладаг байх нь.
2. Аливаа зүйл энгийн байх тусмаа амар
Аливаа үйл ажиллагааны процесс, компанийн менежмент, тэр ч бүү хэл 2 хүний хоорондын харилцаа хүртэл энгийн, ойлгомжтой, ил тод байх нь бүгдэд амар буюу амжилтыг бүтээх чухал орчин болдог байна. Жишээ нь бороо ороход шүхрээ нээхийг хэн ч мэддэг бас чаддагтай адилхан ажилтан бүр юуг, яаж хийхээ мэддэг байх нь хамгийн чухал.
3. Байгалийн хуулийг дага
Ноён Коносуки Мацушитагийн бизнесийн гол философи нь бараг л энэ БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ ДАГА гэсэн үзэл байжээ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэ, олох ёстой ашгаа ол, хэт ихийн төлөө бүү шуна, харин ашгаасаа ажилтнуудтайгаа заавал хуваалц! гэсэн зарчим нь түүнийг хүндлэгдсэн-хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болоход хамгийн том нөлөө үзүүлсэн гэж дүгнэгддэг байна.