ШҮҮН ТУНГААХ УР ЧАДВАР БУЮУ CRITICAL THINKING: ТА FOSBURY FLOP ГЭЖ СОНСОЖ БАЙСАН УУ?
- Үзсэн: 2962
1968 оны Мексикийн олимпоос өндрийн харайлтаар алтан медаль авсан Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Дик Фосбюри дунд сургуулийн сурагч байхдаа өндрийн харайлтад дурлан хичээллэдэг байсан хэрнээ бусад хүүхдийн давдаг ердийн өндөр дээгүүр арай ядан гардаг, ихэнхдээ бүтэлгүйдэг байсан аж.
Хөндлөвчийг хоёр хөлөөрөө зэрэг урагш цовхрон давдаг тэр үеийн өндрийн харайлтын техник Фосбюрид хамгийн хэцүү байлаа.
Тиймээс, хүү өөртөө тохиромжтой байх аргыг эрэлхийлэн өөр, өөр техникээр харайн туршиж эхлэв. Туршсаар, оролдсоор нэг техникийг хамгийн боломжийн гэж үзсэн нь үсрээд араараа хөндлөвчийг давах арга байлаа. Энэ арга нь хөндлөвчийг давахад амар байсны зэрэгцээ өндрийн харайлтын дээд амжилтыг ахиулах боломжтой гэдгийг би давхар баталсан гэж тэрээр дурдсан байдаг.
Шүүн тунгаах ур чадвар (сritical thinking)-ын хамгийн сайн жишээ болдог энэхүү кейсийг томоохон сургалтууд дээр жишээ болнон авдаг юм. Дэлгэрүүлэн үзье.
- Шүүн тунгаах ур чадвар хэзээ хэрэг болдог вэ?
- Асуудал тулгарч хамгийн сайн шийдэл хэрэгтэй үед!
- Фосбюрид тулгарсан асуудал: Бусад хүүхдийн харайж чадаад байгаа өндрийг давж чадахгүй байсан.
- Асуудлыг шийдвэрлэх гарцаа тодорхойлох: Тухайн үеийн өндрийн харайлтын техникийг олон талаас нь тунгаан бодож сул талуудыг олж мэдсэн бөгөөд хамгийн тохиромжтой байх хувилбаруудыг гаргасан.
- Хувилбаруудыг туршиж хамгийн зөвийг сонгох: Сайн хэмээсэн хувилбаруудаасаа ар нуруугаараа хөндлөвчийг давах арга нь тухайн үед түүнд илүү санагджээ. Нэгдүгээрт, илүү хялбар; хоёрдугаарт, хөлөөр хөндлөвчийг унагаах эрсдэл буурсан;гуравдугаарт, илүү өндөр харайх боломжтойг мэдсэн байна.
Энд нэг зүйлийг заавал дурьдах нь зүйтэй! Юу вэ гэвэл энэ аргыг турших үед түүнийг бусад тамирчид болон олон нийт шоолж, тохуурхаж байсан гэдэг.
Дээрх үйл явцын үр дүнд Фосбюри 1968 онд өндрийн харайлтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Олимпийн “Алтан медаль” хүртсэний зэрэгцээ түүний нуруугаар хөндлөвчийг давах техник нь “Фосбюригийн эргэлт” (Fosbury flop) гэдэг нэрээр хөнгөн атлетикийн түүхэнд нэрлэгдэн үлджээ.
Энэхүү амжилт нь түүний нэрийг спортын түүхэнд тодоор бичсэний зэрэгцээ менежментийн ухаанд ч мөн маш сайн жишээ болон үлджээ. Өөрөөр хэлбэл, Фосбюри бол шүүн тунгаах ур чадварыг бодитоор харуулж чадсан тод жишээ хэмээн менежментийн акулууд хүлээн зөвшөөрдөг билээ.