Танай байгууллагад ТҮНШЛЭЛ хэрэгтэй юу?
- Үзсэн: 859
Өнөөгийн нийгэмд хувь хүн гэлтгүй байгууллага ч бас ганцаараа оршин тогтнож чадахгүй гэдэгтэй та санал нийлэх байх. Бид нарын үйлддэг хэрнээ ойлгож удирдаж мэддэггүй зүйл бол байгууллага хоорондын ТҮНШЛЭЛ юм.
21-р зуун гарснаар Европын улс орнууд, ялангуяа Их Британи аливаа байгууллага хоорондын түншлэл нь тухайн байгууллага зорилгодоо хүрэхэд маш чухал ач холбогдолтойг ойлгож "Дөрвөн-Талт Түншлэл" загварыг (quadruple helix model) өргөн ашиглаж эхэлсэн. Энэхүү дөрвөн-талт түншлэлийн загварыг дэлхийн томоохон байгууллагууд өргөн ашигладаг бөгөөд байгууллага болон бүтээгдэхүүний инновацийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй болохыг менежментийн салбарын мэргэжилтнүүд тогтоосон байна. Энэхүү загвар нийгэмд байгаа бүх байгууллагуудыг ерөнхий шинж чанарынх нь хувьд 1.АЖ ҮЙЛДВЭР (industry) 2.ШИНЖЛЭХ УХААН (academy) 3.ТӨР (government) 4.ИРГЭН (civil) - ний байгууллагууд гэж хуваадаг. Ингэж ангилан хувааснаар түншлэгч байгууллагуудынхаа сонирхол, нөлөөлөл, үүрэг оролцоо, ач холбогдол зэргийг танин мэдэж түншлэлийн стратеги, зэрэглэл зэргийг тодорхойлоход амархан болсон байна. Энэхүү загварыг ашиглаж буй жишээ бол АНУ-ын хамгийн чухал байгууллагын нэг болох НАСА юм. НАСА судалгаа шинжилгээний ажил дээр маш олон байгууллагуудтай энэхүү загварыг ашиглан амжилттай түншилдэг учраас маш олон тооны ярвигтай төслүүдийг амжилттай гүйцэтгэж чаддаг дэлхийн хамгийн чухал нэр хүндтэй байгууллагуудын тэргүүн эгнээнд байж чаддаг байна. Танай байгууллага энэ хэмжээнд чадварлаг, төгс байх албагүй ч та байгууллагынхаа үйл ажиллагааг амжилттай болгоё гэвэл түншлэлийн энэхүү загвараар байгууллагаа танин мэдэж бизнес, ажил үйлчилгээгээ илүү сайжруулахыг оролдоорой.