“СТРАТЕГИ ДЭМЖИХ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Атлас консалтинг фирм 2024 оны 11 дүгээр сард “Эфэс Констракшн” ХХК-ийн захиалгаар “Стратеги дэмжих Хүний нөөцийн менежмент” зөвлөх үйлчилгээний төслийг эхлүүлж, үр дүнгээ 2025 оны 5 сарын 22-нд хүлээлцлээ.
“Эфэс Констракшн” ХХК 2012 оноос хойш барилга угсралтын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Морьтон оффис, Морьтон Резиденс төсөл болон бусад бүтээн байгуулалтаараа салбартаа брэнд бүтээж байгаа хамт олон юм.
Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээний төслийг төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Эфэс Констракшн компанийн менежментийн багийнхны хариуцлагатай байдал, хамтдаа хөгжих тэмүүлэл маш чухал нөлөө үзүүлсэн. Бидний гүйцэтгэсэн ажлын үр дүн захиалагч компанийн ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, цаашдын бүтээн байгуулалтын чанарт үр нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ЕСБХБ-ны ЖДБ-ийг дэмжих төсөл тэтгэлэг олгож, дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнийг Эфэс Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Долгормаа бодит дэмжлэг хэмээн талархлаа илэрхийллээ.
Зөвлөх багийн гишүүд Эфэс Констракшн компанийн Ерөнхий захирал М.Лхагвасүрэн, Гүйцэтгэх захирал С.Долгормаа, Хүний нөөцийн менежер Ж.Баяржаргал нар болон менежментийн багийнхантай нягт хамтран ажиллаж, Хүний нөөцийн бодлого, стратеги, менежментийн журмууд, хэрэглэгдэхүүнийг хамтран боловсрууллаа.
Энэхүү төсөлд Хөдөлмөрийн харилцааны зөвлөх Б.Отгон, Ногоон хөгжлийн зөвлөх Ц.Нямгарав нар хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвар, арвин туршлагаараа үнэ цэн нэмснийг талархан дурдаж байна.
Атлас Консалтинг Фирм
2025 оны 5 дугаар сарын 23
Алба хаагчийг тэтгэвэрт бэлтгэх “Дасан зохицох хөтөлбөр” боловсрууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлж байгаа юм.
Атлас консалтинг фирмийн ахлах зөвлөх Б. Амарсанаа тус төсөлд зөвлөхөөр ажиллаж, хууль сахиулах байгууллагын алба хаагчийг тэтгэвэрт бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэлээ.
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр боловсруулж нэвтрүүлснээр тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, нийгэмд өөрийгөө бэлтгэх, ажил эрхэлж байх үеийн нөхцөлөөс бууруулахгүйгээр амьдралын чанараа ижил түвшинд хадгалахад нь мэдлэг, ур чадвар олгохыг төслийн зүгээс чухалчилсан юм.
Нийгмийн сайн сайхан, иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилладаг олон зуун алба хаагчдад чиглэсэн хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хамт олон, Хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт ажлын амжилт хүсье.
Атлас консалтинг фирм
2024 оны 11 дүгээр сарын 18
Ажилтны гүйцэтгэлийг компанийн зорилготой уялдууллаа
Байгууллагын үйл ажиллагаа төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжсэнээр бизнес тэлэх, ажилтны цалин урамшуулал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах боломж бий болж байдаг. Энэ үндэслэлээр MGL Design ХХК Атлас Консалтинг Фирмтэй хамтран ажиллаж, ажлын байр бүрийн гүйцэтгэл, хүлээгдэх үр дүнг тодорхойллоо. Бидний хамтын ажиллагааны гол зорилго бол компанийн өмнөө тавьсан зорилгод ажилтан бүр хэрхэн хувь нэмэр оруулж, харилцагчид чанартай бүтээгдэхүүнийг хүргэх суурь нөхцөлийг тодорхойлох байсан юм.
Хамтын ажлын үр дүн маань ажилтны чанартай гүйцэтгэл, түүнийг дагасан цалин урамшууллаар илэрхийлэгдэж, улмаар MGL Design компанийн өсөлтөөр хэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Гэрээт ажлын хүрээнд хамтран ажиллахад нээлттэй байж, бүхий л талаар дэмжин ажилласан MGL Design ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Дашрамд дурдахад, бид MGL Design ХХК-тай 2019 оноос хойш харилцан үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Атлас Консалтинг Фирм
2024 оны 5 дугаар сарын 13

ДАРХАН ХОТОД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛЦЛЭЭ
Дархан-Уул аймгийн “Арцат Алтайн Уулс” ХХК, “Өсөн Дэвжих Үйлс” ХХК, “Мөнх Ундрам Хүнс” ХХК болон “Тэс Оргил” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн “Стратеги дэмжих Хүний нөөцийн менежмент” багцын төслийн үр дүнгээ хүлээлцэх арга хэмжээг Атлас Консалтинг Фирм ХХК-аас 2024 оны нэгдүгээр сарын 23-д зохион байгууллаа.
Хамтран ажилласан дээрх нэр бүхий компаниуд хүнс үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвлөх үйлчилгээний хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт шингэж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон ЕСБХБ, төсөл хэрэгжүүлэгчдэд удирдамж, чиглэл өгч бүх талын дэмжлэг үзүүлсэн тус банкны ахлах шинжээч Д.Дэмбэрэлмаад “Атлас Консалтинг Фирм” ХХК болон хамрагдсан компаниудын зүгээс гүнээ талархлаа илэрхийлж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид чадавхжиж, ажлын таатай орчин бий болгодог сайн ажил олгогчид байсаар ирсэн тэрхүү ололтоо улам чамбайруулахад төслөөр үзүүлсэн энэхүү дэмжлэг томоохон ахиц дэвшилд хөтөлсөн хувь нэмэр болсонд эргэлзэхгүй байна.
Төсөлтэй хамтран ажилласан Ж.Ариунтуяа захиралтай “Арцат Алтайн Уулс” ХХК, Э.Солонго захиралтай “Өсөн Дэвжих Үйлс” ХХК, Д.Уранчимэг захиралтай “Мөнх Ундрам Хүнс” ХХК, Х.Золзаяа захиралтай “Тэс Оргил” ХХК-ийн удирдлага, хамт олон уг төслийг хугацаанд нь өгөөжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоо, үнэтэй дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд төслийн үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нутагшуулахад нь өндөр амжилт хүсье.
Төслийг хэрэгжүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, зүтгэлтэй ажилласан зөвлөх Г.Баярхүү, менежер Б.Одонтунгалаг нартаа талархал илэрхийлж байна.
Атлас Консалтинг Фирм
2024 оны нэгдүгээр дүгээр сарын 23




