“СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалтын зар
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулах “СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалтад оролцохыг урьж байна.
Тус 10 модульт сургалт нь зөвхөн Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн удирдлага, менежерүүдэд зориулагдсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 16-нд эхэлж Улаанбаатар хотод, танхимаар зохион байгуулагдана.
Сургалтад хамрагдсанаар та дараах сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх юм.
- Компанийн стратеги ба Хүний нөөцийн менежмент
- Байгууллагын соёл, ажилтны хандлага
- Чадамжид суурилсан сонгон шалгаруулалт
- Хөдөлмөрийн харилцаа – Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ
- Гүйцэтгэлийн удирдлага – KPI, Цалин хөлс урамшуулал
- Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай
Оролцогчдын тоо: 15
Дараах линкээр бүртгүүлнэ үү. Бүртгэл 2023.03.09-нд хаагдана.
https://docs.google.com/forms/d/13jc5PMqohKSH_01x5gHa-4C4sxUODnxGBIajWaU6auU/edit
Бүртгүүлсэн компаниудтай бид эргэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Энэхүү сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) санхүүжүүлж байгаа болно.
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС (ЖДБ)-ҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ”
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн өсөлтийг дэмжих PROGRES төсөл Орхон, Ховд болон Улаанбаатар хотын ЖДБ-үүдийг чадавхжуулах зорилгоор 2022-2023 онд “Хүний нөөцийн менежмент”-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрт Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2022 оны 12 сарын байдлаар PROGRES төслийн Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрт 30 гаруй ЖДБ-ийн захирал, менежерүүд хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ. Тухайлбал, Орхон аймгийн Тод Өнгө ХХК, Анхлан Аз ХХК, Цултаргана ХХК, Ховд аймгийн Ич Гүрэн ХХК, Гэрэлт Манхан ХХК, Титэм Плаза ХХК-иуд хариуцлагатай оролцож, бизнестээ ахиц гаргасан тул PROGRES төслийн зүгээс тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
GIZ, PROGRES төслийн “Хүний нөөцийн менежмент”-ийн сургалт, зөвлөгөө нь олон улсын сайн туршлагыг ЖДБ-т нэвтрүүлж, тэдэнд тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд гарц, шийдэл санал болгоход түлхүү анхаарч байна.
2023 оны 1 дүгээр сарын 25
Эталон Комфорт ХХК-д Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүллээ.
Атлас Консалтинг Фирм Эталон Комфорт ХХК-тай 2022 оны 3 дугаар сард “Хүний нөөцийн бодлого боловсруулж үйл ажиллагаанд нэвтрүүлэх” зөвлөх ажлын гэрээг үзэглэж 10 сарын 30-нд ажил хүлээлцэн, үр дүнгээ хэлэлцлээ.
Ажилтнуудын ур чадварыг тасралтгүй сайжруулж, компанийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц Хүний нөөцийн бодлого боловсруулах зорилгыг Бид өмнөө тавьж төслөө амжилттайгаар хэрэгжүүлээд байна.
Хүний нөөц, ажилтнууддаа чиглэсэн сайн бодлого, менежментийн шийдэлд хөрөнгө оруулж, хариуцлагатай ажилласан Та бүхний хүчин чармайлт богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хүний нөөцийн асуудал аль ч салбарт тулгамдаж буй өнөө үед бодлого, менежментээ шинэчлэх нь яах аргагүй “зөв нүүдэл” байлаа.
Стратегийн зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Бид 2021 оны 6-р сард ORDB Консалтинг компанийн эхлүүлсэн “Зөгийн аж ахуйн нэгжүүдийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ”-нд Хүний нөөцийн менежментийн хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD in Mongolia)-ны Bundled Project-ийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд Халхгол Зөгийн Бал, Үлэмж цэвэр зөгийн бал, Mon Bee брэндүүд сонгогдон 8 сарын турш хамтран ажилласан юм.
Бидний хувьд зөгийн аж ахуй, бал үйлдвэрлэл шинэ салбар байсан бөгөөд тус зөвлөх үйлчилгээнд хүний нөөцийн менежментийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломж олгосон Өү Ар Ди Би Консалтинг компанийн захирал, Стратеги төлөвлөлтийн зөвлөх Р.Оюунд гүн талархал илэрхийлж байна.
Мөн түүнчлэн тус зөвлөх үйлчилгээг авсан Монголын Зөгийчдийн Нийгэмлэг, Халхголын хишиг ХХК, Тэс оргил ХХК, болон Экса элит ХХК болон зөвлөх багт хамтран ажилласан УРВД Консалтинг ХХК-ийн захирал, Санхүүгийн зөвлөх Др. В.Данаасүрэн, Дата, судалгаа хариуцсан Ахлах аналист С.Уянга, Санхүү, НББ-ийн зөвлөх Б.Алтан-Эрдэнэ нартаа баярлалаа.
Монгол Улсад тогтвортой хөгжлийг таниулан дэмжиж, ногоон бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдийг мэдлэг чадвараа хөгжүүлж бизнесээ тэлэхэд нь бодит дэмжлэг үзүүлдэг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хамт олонд мөн талархал илэрхийлье.
Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье.
Атлас Консалтинг Фирм
2022 оны 2 дугаар сарын 28